"ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ"

Би яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн бүтээлд дэндүү дуртай. Хорвоогийн бүхэл үнэнийг сэтгэлд хадагдаж, нүдэнд үзэгдтэл яруу сайхнаар бичдэг болохоор л тэр бизээ. Цэргийн баярын энэ өдөр Б.Лхагвасүрэнгийн охидуудаа захиж, тэрлэсэн шүлгийг нийт бүсгүйчүүлдээ захиас болгоё.

Хоёр жигүүр дэлгэн

Хорвоог ханьтай туулдаг

Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж

Дөрвөн алган дээр үүрээ засдаг

Нар сар орж гардаг хорвоогийн

Чухаг, мэнхэг хатуу жам

Нас бие ирж оддог ертөнцийн

Чулуутай цэцэгтэй алаг зам

Он жилүүдийн цэнхэр мөрөн

Хүй бие хоёр шиг ойрхон

Орооцолдож бүтсэн халуун хэлхээ

Тоонын хүрээ тулалцсан

Бүсгүйн номхон заяа

Тотгот тулганд бадамласан

Зүггүй галын “бурхад”

Үүдэн хоймрын цэлгэр зайд

Гэрийн нар дагаж мөлхсөн

Зүүдэн хоосны тохиох одонд

Нэрийн отог үлдээхээр заяасан

Салаа гэзгээ салхиар самнаж

Сайн морины нуруунд ниссэн

Саалийн халиагаар хормой мялааж

Сайхан эхийгээ өвчиж өссөн

Миний хоёр охин минь

Гал таслан, тооно өргөхөд чинь

Ганзганд чинь хэлэх

Гэрийн чинвь чагтганд уях

Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх

Гуравхан мөр шүлэг аав нь тэрэлэлээ.

.......” ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА

ЭЛГЭНД ЧИНЬ БАЙГТСАН ТОЛГОД

ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ”

Монгол улсад яруу алдарт зэвсэгт хүчин үүссэний 89 жилийн ойн баярын мэндийг Монголын нийт эрчүүд болон, эрчүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албанд зүтгэж яваа бүсгүйчүүлдээ хүргэе.

 

"Чамаараа би зөндөө гоёсон" Б.ЛХАГВАСҮРЭН

Харахгүй өнгөрч чадахгүй

Харчуулын нүдэн дундуур туучиж

Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг

Хань минь болооч гэж гуйж

ХАЙРЫН ЗОВЛОНГООР ГОЁСОН

Чанад холын мөрөөдлөөр зүрхээ баярлуулж

Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж

Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан

Чамайгаа би холоос үхэтлээ санаж

САНАХЫН ЖАРГАЛААР ГОЁСОН

Балга балга инээдэнд чинь согтож

Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж

Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр

Харц харцаа шатаан гэгээ татуулж

ЧАМААРАА БИ ЗӨНДӨӨ ГОЁСОН

Галын ээлэнд алтан ургийг уяж

Газрын заяанд аралт тооныг өргөж

Бадмын цэцэг мэт суут ижий чамаар

Бавуугийн ганц хүү өөрийгөө

ЕС БОЛГОЖ ГОЁСОН

Үйрэн үйрэн эмтэрч

Үнэний чулууг дэрлэхдээ

Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа

Үхэлд хүртэл гайхуулж

ЧАМААРАА БИ ГОЁНО

 

"Чамдаа би зөндөө өртэй" Д.Цоодол


Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хормоор нойрыг чинь үрээсэн хүн
Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн
Надаас өөр байхгүй ээ
Найз минь чамдаа би өртэй
Хувцасны моодноос амтай юм шиг хоцроож
Худалдааны газар жамтай юм шиг зогсоож
Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хаанаас надад өөр байх вэ?
Хань минь, чамдаа би өртэй
Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад
Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн,
Бүсгүй танхил мөрийг чинь холготол
Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн
Хорвоод би л байна
Хонгор минь, чамдаа би өртэй
Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ
Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал
Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна
Энхрийхэн минь, чамдаа би өртэй
Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж
Бажигдсаар явтал нэг л мэдэхнээ өтөлчихжээ
Байдаг ганц амьдралаа миний төлөө элээсэн
Багын чамаасаа би дэндүү их юм авчихжээ
Хөгшин нь бүр эхнээсээ дахиад нэг амьдрах ч болоосой
Хөөрхий минь, чамдаа би өртэй

Зангиатай архичин

       

Архиа гэж... Идээний дээж  гэнэ. Амьдарлын дайсан л гэнэ. Янз бүрээр л хэлэх юм даа. Би саяхныг болтол архичин гэхээр л хир даг болсон хувцастай, эвгүй муухай үнэр ханхлуулсан хүний дүр зураг санаанд минь буудаг байлаа. Гэтэл үгүй юмаа. Харин ч тэд чинь архичин гэдгээ нуудаггүй ил цагаандаа гарсан нэг үгээр хэлбэл “шудрага” архичид юм гээч. Тэдниийг амьдарлын хатуу шуурганд алдаж эндэж яваад архичин “бөбөөчин” болсон нийгмийн эмзэг давхрагынх гэдгийг нь хүн бүхэн л мэднэ. Харин “Би архичин болжээ” гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, “ зангиатай архичид”-ыг яах вэ.

Би гэдэг хүн архины гай зовлонг ер мэддэггүй өссөн. Бид эхээс хоёуулаа. Охин дүү маань надаас 2 насаар л дүү. Аав маань ховорхон тохиолддог спиртны харшилтай хүн байсан болохоор архи уух нь бүү хэл амсдаг ч үгүй байлаа. 10-н жилийн сурагч байхад нийлдэг хүүхдүүд маань “ аав согтуу ирээд” гэж ярихад нь яадаг юм бол гэж гайхдаг байлаа. нийлдэг хүүхдүүд маань “ аав согтуу ирээд” гэж ярихад нь яадаг юм бол гэж гайхдаг байлаа. Нэлээд хожуу найз хүүхнүүд маань нөхрөө архи уулаа гэж хэрүүл маргаан хийхэд нь ч бас учирыг нь олдоггүй байлаа.

Цаг хугацаа ч урсан өнгөрч дүү бид 2 их сургуулийн оюутнууд боллоо. Дүү маань ангийнхаа нэг хөөрхөн хүүтэй үерхэх болж удалгүй 2 талын эцэг эхчүүд ч танилцаж хурим найраа хийсэн дээ. Төгсөх жилдээ анхныхаа хүүг төрүүлж дүү маань сургуулиа төгсөж чадалгүй хүүхдээ харах болов. Анхандаа хадмындаа толгой хорогддог байсан ч удалгүй тусдаа гарч айл шиг л айл болсон доо. Тэр 2 маань юу ч байхгүйгээс эхлээд л хамтдаа бүхнийг бүтээсэн. Хүргэн маань толгой сайтай сэргэлэн нь дэндсэн гайхал л даа. Анхандаа нэг улсын байгууллагад дэс түшмэл байснаа гараад хувийн тээвэр зуучийн компань байгууллаад овоо амжилттай ажиллах боллоо.  Гаднаас нь харахад өөлөх юмгүй сайхан хосууд. Гэхдээ хааяахан дүүд маань “жавтий хүртээгээд” байх шиг санагддаг байлаа. Үнэхээр ч дүү минь сүүлийн хэдэн жилд их л гундуу сэтгэлдээ шаналсан царайтай явах болсон. Хүний эгч л болсон хойно асуухаар яагаа ч үгүй юм ургуулж бодлоо энэ тэр гэнэ.

Нэг шөнө дүү маань 2 хүүхдээ дагуулаад нүдээ хавдтал уйлсан амьтан ирвээ. Өнөө алт сайхан хүргэн маань агсан тавьж гэнээ. Энэ архи уу. Дүүгээ аргадаж одоо цагт архи уудаггүй сайн нөхөр гэж юу байхав дээ. Чи бид 2 л мэдэхгүй болохоороо хүний арга эвийг олж чадахгүй байна. Гээд л сургааль айлдтал дүү минь асгартал уйлж ингэж ярьсан даа.

“ анхандаа жаахан юм үнэртүүлээд л ирдэг байлаа. Яагаад гэж асуухаар ийм ч ажил бүтээх гээд тийм ч хүмүүстэй уулзаад гэж ярьдаг байсан. Үнэхээр л архигүйгээр бүтдэг ажил ховор юм чинь дээ. Ажил амжилттай байхын хэрээр гэртээ үзэгдэх нь багасаж архи уух нь олширсон. Эхлээд үглэж загнадаг байлаа. Нөхөр маань ч миний буруу гээд л элдэв сайхан үгээр аргадаж хамгийн үнэтэй сайхан бэлэг өгч уучлал гуйдаг байлаа. Ингэх тоолондоо ахиж уухгүй гэж ам тангаргаа өгдөг байсан. Би ч итгэдэг байсан. Сүүлдээ ааш зан нь ч эвдэрч эхэлсэн. Чи надаас салаад хаа хүрэх юм бэ. Хоосон гуйлгачин гэх болсон. Гэхдээ нөхөр минь эрүүл үедээ үнэхээр алт шиг л сайхан хүн шүүдээ. Найз хүүхнүүддээ хэлэхээр итгэдэггүй юмаа. Харин мэддэг нэг нь салаач наад архичнаасаа гэдэг болохоор хүнд хэлэхээ ч байсан. 2 хүүхдийнхээ эцгийг засрана гэж итгэж найдсаар лам хард ч үзүүлж үзлээ. Нэмэр болсон юм алга даа. Эрүүл үед нь эвтэйхэн ярхих гэхээр би ямар архичин юмуу гээд ер халгаахгүй юм. Сүүлдээ надад гар хүрэх болсон. Амьдралд итгэх итгэл маань ч алдарч байна. Одоо би хаалга дуугарахаар айдаг, хэзээ согтуу орж ирэх бол гэхээс хамаг биений үс босдог. Архи гэдэг чинь хэнийг ялгалгүй араатан болгодог юм байна. Аргаа бараад хадмууддаа хэлж үзлээ. Хүүгээ яаж энэ архинаас гаргах вэ гэхийн оронд харин гэр орноо авч яваа хүн ууж идэх юм гаралгүй яахав. Чи харин хүний ая эвийг олохгүй үглэж яншаад байхаар чинь л тэгэж байхгүй юу гээд өмөөрдөг юм байна. Надад болохгүй юм байгаа  л байх гэхдээ л ...... “гээд нулимсаа залгин суух дүү минь өрөвдөлтэй байлаа.

Маргааш өглөө нь хүргэн маань гэлбэзсээр орж ирлээ. Хадам эгчийн хувьд хэдэн үг хэллээ. Миний буруу би дахиж эхнэр хүүхдээ гомдоохгүй гээд л сөгдөх нь холгүй уучлал гуйж байнаа. Дүү маань ч овоо тайтгарсан бололтой нөхрөө дагаад гэрлүүгээ явлаа. Одоо энэ 2 минь яана даа хүргэн маань үнэхээр архинаас гарах боловуу.

Архинаас болж гэмт хэрэг ядуурал өсөж байна, архитай тэмцэж байна гэж цаг тутам ярих атлаа архины хэрэглээ нэг хувиар ч буурахгүй байгаа нь хэцүү юмдаа. Архитай тэмцээд яах ч юм билээ. Архи ууж байгаа нөхдүүдтэй нь тэмцэх хэрэгтэй юм болов уу.

Архи амьдралын дайсан биш. Харин архинд донтсон та өөрөө өөрийнхөө дайсан биш гэжүү. Миний дүү шиг олон эхнэрүүд, ээжүүд нөхрөө, хүүгээ архи уухаа болино гэж найдаж хүлээсээр л байгаа байхдаа. Нийгэмд маань газар авсаар байгаа соёлтой зангиатай архичдын армийг яах вэ. Архиа гэж. ........

 

 

 

ҮНЭН ЮМ БИШ БАЙГАА.

 

           Гэргий маань нэг л дутагдалтай. Элдэв зурхай мэргэ сонирхдог. Эхлээд алгаар мэргэлэхийг баахан биширсэн. Нэг өдөр ажил дээр гүйж ирэв.

-Миний алгыг үз дээ. Энэ шугам хэрхэн дурайсныг харж байна уу. Удахгүй би баян, залуухан бэлэвсэн эхнэр болох гэнэ. хэмээн догдлон байж хэлээд цонхоор мөрөөдөнгүй ширтэв. Даанч алганы хээ нь бүтэхгүй тийшээ хандав.

          Харин зурхай судлаж эхлэв. Хөл бөмбөг үзэж суусан чинь :- Илжиг гэдгээ мэдэхүү. Чи гэж уур хүргэв. Хотын баг маань навс хожигдож явсныг ч хэлэх үү :- Би илжиг гэнээ. Тэгвэл чи хэн бэ гэж дүрсхийв.

- Би ч могой л доо.

- Хаанаас мэдэв.

- Япон зурхайгаас

- Сайн зурхай байна гээд би дэлгэц ширтэв. Гэтэл Ольеся енгэнүүлж гарлаа.

- Тэгнээ тэр. Кристина та 2 яасан бэ гэж тэр хашхирав.

- Юун Кристина. Таних ч үгүй.

- Энэ зурхайд илжиг хархад ойртох аваас тушаал дэвшинэ гэсэн байна. Манай шинэ хөрш Кристина харх байхгүй юу.

- Чи чинь хажууд ямаа нүүж ирсэн гээд байгаагүй билүү.

- Тэр чинь Вьетнамыхаар ямаа болохоос японыхоор харх мэдэв үү.

- Намайг Кричевский л дэвшүүлсэн дээ.

- Үгүй ээ. Кричевский дэвшүүлээгүй. Танай дарга чинь бах.

            Энэ үед багийн маань хаалгач улаан хуудас авч харагдана. Зурагтаа унтраагаад уурандаа унтаад өгөв. Сэрсэн чинь бухаимдал ч арилж, Элдэв бодол толгойд орж ирлээ. Ольесяд:

- Ерөөсөө тэр Япон зурхай чинь бидэнд таарахгүй мэдэв үү. Польш зурхай л мань мэтэд яг тохирно гэлээ.

- Хэзээ Польш зурхай байсан юм ?

- Байлгүй яахав. Валенса ерөнхийлөгч болно гэж таараад байхаар нь Ярузельский устгачихсан гэнэ лээ.

- Тэр ерөнхийлөгч болж магадгүй л юм. Тэгээд түүнийг чинь хэн зохиосон юм ?

- Юу  л даа. ... Мальцкий.

- Танай архичин найз уу ?

- Яалаа гэж дээ. Коперникын шавь ч билүү, багш ч билүү тийм нэг Мальцкий. Удахгүй хэвлэгдэж гарна гэж Потоцкий ярьж байна билээ. Тэгэхлээр би илжиг биш.

        Долоо хоногийн турш би элдэв зурхай харж байгаад баахан юм зохиож бичив. Юун төлөө хэвлэх үйлдвэрт ажилладаг билээ, товхимол болгон хэвлүүлэв. Тэгээд Ольенсягийн ажлын газрын үүдэнд байдаг хэвлэлийн мухлагт нэг найзаараа тавиулчихав. Нэг сайхан өдөр гэргий маань:

- Польш зурхай байдаг юм байна гэж дуу алдлаа.

- Өө тийм үү. Намайг хорхой гэж үү.

- Хонгор минь чи чинь мэргэн цэцэн шар шувуу юм байна шүү дээ.

- Арай ч хэтэрнээ. Чамайг согоо гэсэн байна уу.

- Бараг таачихлаа. Хун гэжээ. Хамгийн гол нь би баян, залуухан эхнэр болох гэнэ ээ. гээд аз жаргал дүүрэн харцаар намайг ширтнэ.

       Хэдэн өдрийн турш л яаж баяжих талаар толгой гашилгалаа. Зурхайдаа арай л дэндүүлээд биччихэж. Ажил дээрээ бодлогширон сууж байтал нөгөө найз маань жаахан халамцсан орж ирээд, ширээн дээр бөөн злот \ мөнгөн тэмдэгт \ шидэв.

- Мухлагт тавигдсан 50 ном дороо зарагдсан гэнэ. Гадуур эрж сурсан хүн ч зөндөө гэж тэр хэллээ. НЭЭРЭЭ ЗУРХАЙ ҮНЭН ЮМ БИШ БАЙГАА ДАА.

Зохиолч: ЯНУШ МОКРСКИЙ

Орчуулсан: Н.БАТЖАРГАЛ

М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Инээдтэй хэрэг

Америкын нэгэн өмгөөлөгч өндөр үнэтэй хайрцаг навчин тамхины цуглуулгыг худалдан авахдаа ширхэг бүрийг нь эрсдлийн даатгалд тэр тусмаа галын аюулын даатгалд даатгуулсан байжээ. Тэр эр тамхиа бүгдийг татаж дуусгасны дараа даатгалын компаниас мөнгөө нэхжээ. Учир нь тэдгээр навчин тамхи тус бүрдээ жижг хэмжээний түймэрт өртсөн гэдгийг баталж чадсан байна. Шүүх үүнийг биелүүлж болох зарга гэж хүлээн зөвшөөрсөн байна. Харин даатгалын компани давж заалдаад хэрэгтэн 24 удаа санаатайгаар гал түймэр тавьсан гэдгийг нотолжээ. Шүүхээс гал тавьсан тохиолдолд бүрд нь 1 жил, нийт 24 жил шоронд суухаар ял оноожээ. Нөгөө өмгөөлөгч одоогоор 6 жилийг нь суугаад байна.

step by step сэтгүүлээс

 

Супер маркетаар үйлчлүүлэхдээ талоноо заавал шалгаарай

Хүүе та минь ээ. Цаана чинь миний дэлгүүрийн касс хүүхнүүд хүн шулаад сууж байна. Өчигдөр 1-р хорооллын миний дэлгүүрээс урамшуулал зарласан гэхээр нь нэг шил шар чингис худалдаж авлаа. Гоёлын төмөр хайрцаг нь үнэгүй гэсэн чинь кассанд дээр суудаг хүүхэн нь энэ чинь тусдаа үнэтэй гэж зүтгэсээр байгаад давхар бичээд...... Тэгсэн зохион байгуулагчийг нь дуудаад асуусан чинь өнөөх нь урамшууллаар үнэгүй байгаа эд гэнээ. Хүний 15400төгрөг хээв нэг худал хэлж авчихаад уучлал ч гуйхгүй байгаа юм даа. Ер нь ганц миний дэлгүүр ч биш бүх супер маркетуудаар үйлчлүүлэхдээ талоноо газар дээр нь шалгахгүй бол энэ мэт үйлдлүүд байнга л гардаг бололтой. Хүн бүр тэр болгон худалдан авсан зүйлийнхээ талоныг шалгаад байдаггүй. Дараа нь гэртээ хариад шалгахад юу нь мэдэгдэхгүй баахан юм  бичээд мөнгийг минь авчихсан байдаг. Харин дэлгүүрээс нь гарч явчихаад буцаж ирээд лавлавал та авсан ш дээ ёстой тас гүрийнэ дээ. Сар шинийн баяр ойртоод байгаа энэ үед хаа сайгүй л хөл хөдөлгөөн ихтэй байгаа билээ. Энэ байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн элдэв үйлдлүүд энэ мэт олон бизээ. Иймд та бүхэн анхаарал болгоомжтой байгаарай.

 

(Нийт: 24)